2024/07/01
Category type
Хуульч мазаалайн мэдээ 13
Гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шүүхэд хандсан тохиолдолд багагүй хугацааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарцуулдаг билээ. Тэгвэл талууд анхнаасаа гэрээ байгуулахдаа төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр харилцан тохиролцож, гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд шүүхийн маргаан үүсгэхгүйгээр төлбөрийг гаргуулж болдог. Ингэхдээ тус гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн нотариатчаас Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан “нотариатын мэдэгдэх хуудас”-г авдаг. Үүний дараа нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулах хүсэлт гаргаж, баталгаажуулсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг 7-14 хоногт хүлээн авах боломжтой.
Хэрэв төлбөр төлөгч сайн дураар захирамжийг биелүүлж төлбөрөө барагдуулахаас татгалзвал шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх юм. Энэхүү ажиллагааны талаарх мэдээллийг дор дэлгэрэнгүй орууллаа.
Худалдан авагч эд хөрөнгийг шалгаж авах үүрэгтэй.
Талууд худалдах худалдан авах гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талаас биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авч буй эд хөрөнгөө шалгаж хүлээн авах үүрэг хүлээдэг.
Хэрэв худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авах үед шалгаж тогтоох боломжтой доголдлыг шалгаагүй эсхүл мэдсээр байж хүлээн авсан бол тухайн эд хөрөнгийн доголдолтой холбоотой аливаа шаардах эрхээ алдах юм.
Харин эд хөрөнгийн онцлогоос шалтгаалан хүлээн авах үед доголдолтой байсан ч түүнийг илрүүлэх боломжгүй байсан эсхүл тухайн төрлийн эд хөрөнгөд баталгаат хугацаа, гомдлын шаардлага гаргах хугацааг хуульд тусгайлан заасан бол тэрхүү хугацааны дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах зэрэг шаардлага гаргах эрхтэй.
Иргэний хуульд заасан зээлийн гэрээний зохицуулалтад орсон нэмэлт, өөрчлөлт
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсантай холбоотойгоор Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Иргэн нэг удаагийн шинжтэй эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр хүү тохиролцож гэрээ байгуулах боломжтой бөгөөд гэрээг бичгээр байгуулах шаардлагатай. Хэрэв байнга, ашиг олох зорилгоор зээл олгох бол Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлж, зөвшөөрөл авсны дараа бусдад зээл олгож, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах боломжтой болжээ.
© 2024 Легал гайд. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.